Баянтал сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 2024-2025 оны үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайлангийн дүгнэлт

82
          Байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл явцын төлөвшил нь “Давтамжтай буюу 2-р түвшин”-д байна гэж  үнэлэгдсэн ба дотоод аудитаар илэрсэн 8 асуудлаас 6 нь буюу 75% нь нөлөө ихтэй  “Сайжруулах шаардлагатай” гэсэн дүгнэлтийг өгч, байгууллагад 23 заалт бүхий хугацаатай зөвлөмжийг өгөв. Шалгалтын явцад 2 зөрчлийг газар дээр нь арилгуулах зөвлөмжийг өгч ажилласан.

Тус сургуулийн засаглах удирдлага болох Боловсролын газар нь тус салбарт хэрэгжиж байгаа хууль, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавьж, арга зүйн зөвлөгөө өгдөггүй, эрсдэлийг тодорхойлоход оролцдоггүй, сургуулийн стратеги төлөвлөгөө нь зорилго зорилттойгоо уялдсан эсэх, стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих үйл явц тогтоогүй байна.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсгийг баримтлах, албан хэрэгт тавигдах нийтлэг шаардлагыг хангах, хууль тогтоомжид заасны дагуу сургалтын байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн баримт бичгийг өөрийн байгууллага, сургалтын үйл ажиллагааны онцлогыг тусгаж боловсруулаагүй.

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2024 оны А/100 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм”-тэй бүрэн танилцаагүй, сургалтын байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх сургуулийн дүрмийг шинэчлэн боловсруулах шаардлагатай.

2024, 2025 оны үйл ажиллагааны А болон хүний нөөцийн Б чиглэлээр гаргасан тушаалуудад Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 214 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, Монгол Улсын стандарт “Баримт бичиг” MNS 5140-2:2021 баримт бичгийн бүрдэл тэдгээрт тавих шаардлагыг хангаж ажиллахгүй байна. Энэ нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө болон хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтод албан хэрэг хөтлөлтийн хүлээх үүрэг хэрэгжүүлэх арга хэмжээг тусгаагүйгээс болж дүрэм журмын хэрэгжилт хангагдахгүй байна. Иймд боловсрол сургалтын байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомжийг бүрэн судалж танилцах, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахад анхаарах шаардлагатай байна.

Тус сургууль нь эрсдэлийн бодлого журам боловсруулаагүй, эрсдэлийн бүртгэл байхгүй, сургуулийн хэмжээнд эрсдэлийн аппетитийг тогтоогоогүй  байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг захирлын 2024 оны 05 сарын 08-ны өдрийн А/22 дугаар тушаалаар байгуулсан боловч зөвлөлийн ажиллах журам, хийх ажлын төлөвлөгөөг батлуулаагүй, зөвлөл нь ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд үзлэг шалгалт хийх зэрэг ажлуудыг хийгээгүй байна. Сургуулийн барилга байгууламжид мэргэжлийн байгууллагаар техникийн үзлэг шалгалт хийлгэж барилга байгууламжийн төлөв байдалд дүгнэлт гаргуулж, шат шатны  арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна.

Цаашид дотоод хяналт шалгалтыг эрсдэлтэйгээ уялдуулан зохион байгуулах, байгууллагын эрсдэлийг үнэлж эрэмбэлэх, эрсдэлийг бууруулах ажлын төлөвлөгөө гаргаж эрсдэлийг удирдах, дотоод хяналтын ажлыг эрчимжүүлэх талаар арга хэмжээг авч, үр дүнг тооцож, гүйцэтгэх удирдлага хяналт тавин ажиллах хэрэгтэй байна.

Дотоод хяналт шалгалтыг журмын хүрээнд хэрэгжүүлж, байгууллагын үйл ажиллагаа болон байгууллагад хэрэгжиж байгаа дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байна.