Сүмбэр сумын Хоршоо хөгжүүлэх сангийн 2021-2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт

65
Байгууллагын 2025 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан удирдамжийг үндэслэн Сүмбэр сумын хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн 2021, 2022, 2023, 2024 оны зарцуулалт, гүйцэтгэл, үр дүнгийн байдалд хяналт шалгалт хийж Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль, дүрэм, журмуудын хэрэгжилтийг шалгах зорилгоор хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Сангийн үйл ажиллагаанд улирал бүр хяналтын зөвлөл нь хяналт, шалгалтыг огт хийгээгүй, зээлийн гэрээ нь дууссан боловч дараагийн шатны байгууллагад хандахгүй байдал удааширсан, зээлийн гэрээндээ хамтран зээлдэгчийг огт оруулж өгдөггүй байдлаас шалтгаалж сангийн хөрөнгийн үр ашиггүй зарцуулалт нэмэгдэж байна. Мөн үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн алдангийг санхүүгийн программдаа үнэн бодитоор тусгадаггүй, хоршоо хөгжүүлэх сангийн программ нь ашиглахад учир дутагдалтай, алдаа заадаг гэсэн тайлбарыг өгч иргэдийн үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн алдангийг илүү, дутуу бүртгэж жилийн эцсийн санхүүгийн тайлан нь үнэн бодитоор гардаггүй байдал хэвшил болсон байна. Өмнөх шалгалт буюу 2020 онд хугацаа хэтэрсэн 62 иргэний зээлийн үлдэгдэлтэй байснаас 2024 оны эцсийн байдлаар 26 иргэн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй, нийт 36 иргэний зээлийг бүрэн төлүүлж ажилласан байна. Шалгалтаар нийт 403,017.6 мянган төгрөгийн зөрчил илэрч 1,399.1 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт, 175,190.4 мянган төгрөгийн зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага, 226,428.1 мянган төгрөгийн зөвлөмжийг тус тус хүргүүллээ. Иймээс тус сангийн үйл ажиллагааг их эрсдэлтэй гэж дүгнэв.