Татварын газрын 2022-2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлан

57

Сангийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн СХШХ/07 дугаартай Татварын ерөнхий газар болон түүний харьяа газар, хэлтсийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын нэгдсэн удирдамжаар Говьсүмбэр аймгийн Татварын газрын 2022-2023 оны санхүү, төсвийн гүйцэтгэл болон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар нийт 917,389.0 мянган төгрөгийн зөрчил илэрснээс 54,693.9 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт, үүнээс орон нутгийн орлого болгуулахаар 54,668.1 мянган төгрөг, хувь хүнд буцаан олгуулахаар 25.8 мянган төгрөг байна. 55,342.5 мянган төгрөгийн албан шаардлага, 1,181,287.7 мянган төгрөгийн зөвлөмж өгсөн. Үүнээс орлого бүрдүүлэлттэй холбоотой 54,377.0 мянган төгрөгийн акт, 55,342.5 мянган төгрөгийн албан шаардлага, 807,352.6 мянган төгрөгийн зөвлөмж өглөө.

Үндсэн үйл ажиллагаатай холбоотой 316.9 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт өгөв.

Дээрх зөрчлөөс Сумдын үйл ажиллагаанаас хамаарсан 54,377.0 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт, 53,532.5 мянган төгрөгийн хугацаатай албан шаардлага, 79,091.11 мянган төгрөгийн зөвлөмжийг холбогдох сумдын Засаг дарга нарт акт, албан шаардлага, хугацаатай үүрэг даалгавраар хариуцуулав.

Харин Татварын газрын үйл ажиллагаанаас хамааралтай 291.1 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт, 1,810.0 мянган төгрөгийн албан шаардлага, 1,181,287.7 мянган төгрөгийн зөвлөмжийг Говьсүмбэр аймгийн Татварын газарт өгөв.

Шалгалтаар Шивээговь, Баянтал сумд нь хог хаягдлын хураамжийг айл өрх, албан байгууллагаас бүрэн авдаггүй, төлбөр төлөөгүй байгууллага, иргэнд хариуцлага тооцдоггүй, авлага үүсгэдэггүйгээс 53,532.5 мянган төгрөгийн айл өрхийн, 16,404.0 мянган төгрөгийн албан байгууллагын хог хаягдлын хураамжийг хураан аваагүй байна.

Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалыг Сүмбэр, Шивээговь сумд нь ашиглагч иргэн, аж ахуй нэгжтэй гэрээ байгуулалгүй ашиглуулдаг, ашиглалтад хяналт тавьдаггүй, өр авлагыг барагдуулахад анхааран ажилладаггүйгээс 37,973.0 мянган төгрөгийн ашигт малтмал ашигласны төлбөрийг барагдуулаагүй байна.

Тайлант онуудад бодит ногдуулбал зохих татварын судалгаанд үндэслэн төлөвлөлтийг хийгээгүйгээс татварын ногдуулалт, төлөвлөлттэй зөрөх, бодитой бус байх зэрэг зөрчлүүд илэрлээ.

Татварын газар нь хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулахаар ажил зохион байгуулж байгаа боловч 1,181,287.7 мянган төгрөгийн хуримтлагдсан өр үүнээс 728,261.5 мянган төгрөгийн 1 жилээс дээш насжилттай өр байгаа нь татвар төлөгчдийн үйл ажиллагаа зогссон, алдагдалтай ажиллаж, төлбөрийн чадвар муудсан, хүндэтгэн үзэх шалтгаантай, бусад зэрэг шалтгаанаар хуримтлагдсан байна.

Татварын газрын санхүүгийн үйл ажиллагаа нь “бага эрсдэлтэй” байгаа бөгөөд 316.9 мянган төгрөгийн цалин хөлсний тооцоололтой холбоотой зөрчил илэрлээ.