Боржигин чуулгын 2024 оны 1-7 сар хүртэлх санхүүгийн үйл ажиллагаанд Соёлын сайд буюу Төсвийн ерөнхийлөн захиаргчийн харьяа байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хийх ХШҮДАГ-2024/ДА/14 дугаартай хяналт шалгалтын нэгдсэн удирдамжаар хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар нийт 21,046.0 мянган төгрөгийн зөрчил илэрснээс 1,123.1 мянган төгрөгийг орон нутгийн орлого болгуулахаар, 46.4 мянган төгрөгийг хувь хүнд нөхөн олгуулахаар нийт 1,169.5 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт, 19,876.5 мянган төгрөгийн албан шаардлага хүргүүллээ. Дээрх зөрчил нь тус байгууллагын эхний хагас жилийн төсвийн 3 хувьтай тэнцүү байна.
Боржигин нь төрийн зарим байгууллагад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа нь тус байгууллагын урсгал зардлыг өсгөж байна. Мөн үйлчилгээ үзүүлсэн орлогыг данс бүртгэлд тусгахгүй байгаа нь орлого бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлж, авлага хаягдах, мөнгө хөрөнгө шамшигдаж болзошгүй эрсдэлийг үүсгэж байна.
Мөн санхүүгийн тайлан баланс гаргахдаа тооцоо нийлсэн актыг цаг тухай бүр бүрэн гүйцэд хийдэггүй, бараа материалын тайланг цаг тухай бүр үнэн зөв гаргахгүй байгаа нь тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг эрсдэлд оруулж байна.
Тиймээс тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг “дунд” эрсдэлтэй гэж үнэлэв.

