Байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцооны түвшины 50 хувь нь 2-р түвшин буюу ДАВТАМЖТАЙ, үнэлэгдсэн ба дотоод аудитаар илэрсэн 12 асуудлаас 10 нь нөлөө ихтэй буюу “Сайжруулах шаардлагатай” дүгнэлтийг өгч байна.
Байгууллагын эрсдэлийн удирдлагын төлөвшлийн үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн байгаа нь эрсдэлийн чиглэлийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Дотоод аудитаар илэрсэн 12 асуудлын 83 хувь нь удирдан зохион байгуулалт муу байгаагаас үүссэн байна. Иймд цаашид сайжруулж анхаарах шаардлагатай 13, дутагдлыг арилгуулах 31 нийт 44 заалт бүхий хугацаатай зөвлөмжийг өгөв.
Байгууллагаас хяналт шалгалтын дүнтэй холбоотой санал авахаар 10 дугаар сарын 30-ны өдөр төсөл хүргүүлсэн боловч 9 хоногийн хугацаанд хариу ирүүлээгүй болно.
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Баянтал сумын Засаг даргын тамгын газрын стратеги зорилго зорилтыг тодорхойлоход оролцдоггүй буюу тамгын газар нь одоог хүртэл байгууллагын стратеги төлөвлөгөөг боловсруулаагүй, хүний нөөцийн бодлогоо тодорхойлоогүй байна.
Баянтал сумын Засаг даргын тамгын газар нь эрсдэлийн удирдлагын бодлого, журам боловсруулаагүй, эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн талаар нэгдсэн ойлголт чиг хандалга, эрсдэлийн мэдээллийг ашиглах зэрэг ойлголтгүй байна.
Тус байгууллага нь удирдлага зохион байгуулалт, чадвартай ажилтан авах, хөгжүүлэх болон хадгалахад чиглэсэн хүний нөөцийн бодлогогүй, эрх зүйн ажилтангүйгээс тушаал шийдвэрийн эрх зүйн үндэслэл, албан хэрэг хөтлөлтийн стандартгүй, цахим архив үүсгээгүй, албан хаагчид ажил хүлээлцэхдээ компьютерт хадгалагдаж байгаа файлаа хүлээлгэн өгдөггүй, байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийн нууцлалгүй зэрэг эрсдэлүүд тулгамдаад байна.
2023 онд дотоод хяналт шалгалтын төлөвлөгөө батлуулаагүй ажил зохион байгуулаагүй байна. 2022 оны дотоод хяналт шалгалтын материалыг үзэхэд дотоод хяналтаар бодит зөрчил илрүүлсэн ч зөрчлөө арилгуулах зөвлөмжийг цаасан хэлбэрээр удирдлагадаа өгдөггүй, зөвлөмжийн хэрэгжилтээ эргэн шалгадаггүйгээс шалгалтаар илэрсэн зөрчил арилгахгүй буюу үр дүнгүй дотоод хяналт хийгдсэн байна.
Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архив, дотоод хяналт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллахгүй байна.

